Дүрэм
Дүрэм ба алгоритм
TenGer Parliament-ийн зорилго, үнэлгээний аргачлал, тоглоомын дүрэмтэй холбоотой бүх зүйлс.
TenGer Parliament-тай холбоотой хамгийн түгээмэл, хамгийн чухал асуулт, хариулт.
I хэсэг
Яагаад?
1. TenGer Parliament гэж юу вэ?
TenGer Parliament бол Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг нээлттэй мэдээлэлд тулгуурлан илүү ойлгомжтой, сонирхолтой бөгөөд олон нийтэд ойр хэлбэрээр хүргэх зорилготой TenGer TV-ийн бүтээсэн платформ юм.
2. Яагаад TenGer Parliament гэж?
Улс төр зөвхөн сонгуулийн өдөр өрнөдөггүй. Иргэд төлөөлөгчдөө сонгосноор оролцоо дуусахгүй.
Сонгосон гишүүд нь хуралдаа сууж байна уу, санал хураалтад оролцож байна уу, ямар асуудал хөндөж, ямар хууль санаачилж байна вэ гэдгийг мэдэх, дагах, хянах боломж иргэдэд байх ёстой.
Өнөөдөр парламентын үйл ажиллагаатай холбоотой их хэмжээний мэдээлэл нээлттэй болсон. Гэхдээ мэдээлэл нээлттэй байх нь дангаараа хангалтгүй. Тэр мэдээлэл иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй, ашиглагддаг байх ёстой.
“Нийгмийн итгэлцлийг сэргээнэ” уриатай TenGer TV парламентын нээлттэй мэдээллийг нэг дороос харьцуулах боломж олгохын зэрэгцээ тоглоомын аргаар, тэр дундаа залуусын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна.
3. Power Ranking гэж юу вэ?
126 гишүүний парламент дахь хэмжигдэхүйц үйл ажиллагааг нээлттэй мэдээлэлд тулгуурлан харьцуулан боловсруулсан индекс. Ирц, оролцоо, санаачилга, идэвх гэсэн дөрвөн үзүүлэлтээр нийт 100 хүртэлх оноог тооцно.
4. Яагаад TenGer Power Ranking гэж?
Парламентын мэдээлэл олон систем, хүснэгт, хуулийн төсөл, хуралдааны тэмдэглэлд тархсан байдаг. Иргэд энэ бүх мэдээллийг тогтмол хайж, нэгтгэж, харьцуулж харахад амаргүй. Нөгөө талаас, УИХ-ын гишүүдийн талаарх олон нийтийн ойлголт тухайн өдрийн мэдээ, сошиал орчин дахь мэдэгдэл, маргаан мэт анхаарал татсан үйл явдлаар бүрдэх нь бий.
TenGer Power Ranking энэ мэдээллийг өөр өнцгөөс харах боломж олгоно. Гишүүдийн ирц, оролцоо, санаачилга, идэвхийг нээлттэй өгөгдөлд тулгуурлан нэг дор харьцуулна. “Гишүүн юу ярив?” гэдгээс гадна “Гишүүн юу хийв?” гэдгийг харахад хялбар болгох нь бидний зорилго.
5. Ямар үр нөлөө бий болгохыг зорьж байгаа вэ?
Иргэд УИХ-ын гишүүдийг зөвхөн сонгуулийн үеэр эсвэл тухайн өдрийн мэдээ, анхаарал татсан эшлэлүүдээр нь бус, парламент дахь бодит ажил, үр нөлөөгөөр нь дагаж, ойлгодог болох нь бидний зорьж буй хамгийн эхний өөрчлөлт.
Цаашлаад парламентын нээлттэй мэдээллийг иргэдийн өдөр тутмын хэрэглээнд ойртуулж, олон нийтийн хяналт, улс төрийн боловсрол, тогтмол оролцоог дэмжихийг зорьж байна.